|
Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Хаврын нарлаг, намуухан сайхан өглөө. Машин тэрэгний дуу чимээг болжморын жиргээ, сэвэлзүүр зөөлөн салхи давж гарахаа болиод уджээ. Өглөө гардаг цагаасаа арай эрт гэрээс гараад алхаж байхдаа хурдхан ажил дээрээ очоод өнөөдөр өглөөний тухай ямар нэг юм бичихгүй бол болохгүй юм шиг санагдлаа. УБ-чууд ийм дулаахан өглөөг их удаан хүлээсэн шүү. 2010 оны хаврын хамгийн анхны нарлаг сайхан өглөө өнөөдөр болсон учраас тэр байх. Олон жилийн өмнө Жежу арал явж ирээд өөрт төрсөн сайхан мэдрэмжээ алга болохоос нь өмнө хурдхан бичиж үлдээмээр санагдсан шиг өнөөдөр би ажилруугаа сэтгэл тайван мөртлөө, хурдан алхаж замд тааралдах танил зүйлүүдээ эргэцүүлэн бодож алхлаа. Ажлаас гэр хүртэл таксидвал 5 км буюу 2500₮ гардаг, Автобусаар явбал 300₮-өөр 20-30 минут явдаг бол сайхан өдөр тайван алхвал 20 минут л зарцуулна. Сайхан орчин алхах сайхан болохоор УБ-д өглөө алхсан нь сайхан, бас аюулгүй.  Бага байхдаа өглөө хичээлдээ явахдаа байнга сонсдог байсан дууны гол баатруудын “Ургах нарны туяа шиг улаан бүч” зэрэг зарим нэг нь байхгүй болж “замын голоор алхдаг цагдаа ах” урьдын адил үүрэгт ажлаа хийсэн хэвээрээ. Харин энэ дуунд оруулаагүй ч өдий хүртэл үүрэгт ажлаа хийсээр байгаа ТҮК-ийнхэн өвлийн хүйтэнд ч, зуны халуунд ч ажилдаа явж байгаа Нийслэлийн иргэдийг цэвэрхэн гудамжаар угтана. Тэдний хийсэн ажлын үнэ цэнэ нь бидний ухамсараар ганцхан өдрийн дотор буцаад хэвэндээ орчихдог. Болдогсон бол гудамжны цэвэрлэгч нарын цалинг нилээд өндөр тогтоогоод, тэдний хөдөлмөрийн үнэ цэнийг нь ард иргэдэд ойлгуулах юмсан. Нийслэлийн нүүр царай хотын даргын царай зүс, байшин барилгаас илүү цагдаа, ТҮК-ийн болон үйлчилгээний ажилтнуудаас л илүү харагддаг байх шүү. Автобусны буудал дээр үйлчлүүлэгчдээ орилж дуудсан кондукторуудтай том, жижиг автобусууд ярайн зогсоно. Дулаан болохоор одоо би алхаж байнаа. Манай хотын тээврийн удирдлага “хүнд ажил хийж өгч байгаа” болохоор менежмент гэдэг зүйл тэдэнд хамаагүй бололтой. Микрогийн жолооч-кондуктор өдөртөө ашигтай ажиллаад байдаг бол том оврын автобусууд нь жихэлдсэн, түлхэлдсэн, хөдөлж ядсан байх төдийгүй зарим чиглэлд зорчигч маш цөөхөн, хий дэмий алдагдал хүлээж, замын түгжээ царайлж “улаан хэрүүлч”-ийн бай болно. “Үер” киноны Михайл, Болд өвгөн нар тээврийн улирдлагын мэргэжилтэн биш боловч үерийн усанд боогдсон цагааныг нь ч, улааныг нь ч өргөн Сэлэнгийн дээгүүр доогуур гаргаж чадаад байсан шиг манай хотын тээврийнхэн “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг хотын иргэдийн нийтийн тээвэр, замын түгжирлийг шийдвэрлэхэд амархан баймаар юм. Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газрын тойрогийн радиус нь 3-5 км гэж тооцвол тэнд 4 зүг, 8 зовхисоос 1 сая хүн, 100.000-аад машинтайгаа шамбааралдаад бас л “улаан хэрүүлч”-дийг бухимдуулна. Харин автобусын тойргуудыг хагас болгон бүсчлээд, үйлчилгээний тарифыг хямдруулж, эргэлтийг богиносгож хүмүүсийг хөдөлгөөнийг зохицуулбал, мөн хотын ногоон бүс буюу машины хөдөлгөөнийг багасгасан бүс, shattle bus, дугуйн зам, дугуй тавьдаг газар зэргийг байгуулбал болмоор л байгаа юм даа. 3-5хан км замд томоос том, үнэтэйгээс үнэтэй машинд ганцаараа юмуу хоёроороо бөглөрчихсөн, гэдэс гүзээ гарсан болон гарч байгаа нөхдүүд алхаад юмуу, дугуй унаад ажлаа амжуулах боломжийг хүсвэл ямарч зоригтой хотын дарга хийж чадна. Хүний эрүүл мэнд, хэвийн жиниэй нь шууд хамааралтай шүү дээ. Энэ бол хэлэхэд ч амархан, хэрэжүүлъе гэвэл хийхэд ч амархан ажил шүү. “Хороололын энэ олон дэлгүүрүүдийн альнаар нь орох уу? Таминээ” болж дээ. Ямар олон, бас замбараагүй гээч. Тэднийг түрээслэгчид нь ёстой цулайсан хүмүүс л байдаг байх. Гэхдээ нүүрээ угаасан халтайсан хүүхэд шиг хаягтай, ямар ч ёс зүй, өнгө будагийн хослол байхгүй хаяг, зураг өлгөчихсөн байна. “Донж” төвийн Төгөлдөр хэдэн популистуудынхаа тархины түгжрэлийг мултлахаас илүү энэ түрээслүүлэгчдийг стиль имэйжиндээ оруулж чадвал хорооллын өнгө сайжрах болов уу? Стиль тодорхойлогч төвүүд ийм ажил хийхэд зах зээл нь бэлэн байгаа төдийгүй дүүргийн дарга нар арай илүү нийгмийн хариуцлага, өнгө үзэмж бүхий шинэлэг тендер, журамаар мөнгө босгох соёлтой боломж бүрдэнэ л гэсэн үг. Хорооллоор өнгөрөөд Гандангаар орно. Бурханы орон Гандан – зовсон хүн аврал ирдэг, УБ хотын маань хамгийн ариун нандин газар. Монголын ард түмний тусгаар тогтнолын бэлэгдэл Мэгжид Жанрайсэг бурхан энд байдаг. Олон зуун лам хуврага, сүсэгтэн олон, олз ашиг хайгчид, аянчин жуулчид энэ хашаандаа цугларч бурханд өөрийгөө даатгадаг газар орон. Олон хүний жаргал зовлонг хуваалцдаг энэ хашаа, шашин сэргэн мандаж хэдэн дацан шинээр баригдсныг эс тооцвол цагийн ороо бусгаа үед бараг өөрчлөгдөөгүй билээ. Гандангийн хашаагаар гарах бүрдээ өнгөрсөн зун 50-аад насны нэг авгай цементээ өөрөө зуураад, шавардлага хийж байсан босгон дээгүүр гардаг юм. Хурал номдоо яаарсан, олон залуу лам нар тэр авгайн ажлыг анзаарах ч үгүй шатан дээгүүр цагтай уралдан гүйсээр байсан даа. Буян санаж хийсэн тэр эмэгтэйн шат олон бурханы хуврага, сүсэгтнүүдийг бурханд даатгах гишгүүр болсон хэвээрээ л байна. Гандангийн хашаанаас гарангуут миний багшийн хашаа харагдана. Ардчилал гарахаас өмнө Бурханы номыг нууцаар үзэж тэр хашаанд Чогчин уншлага цээжилж байлаа. Багшийн хашааны урд талын гудамжинд “манай багшийн багшаа, манлай Ленин багшаа” гэдэг шиг Багшийн Багшийн хашаа байдаг. “Гарьд Магнай” зэрэг олон киноны зураг авдаг байсан энэ хашааны хуучны шуурганууд нь, томоо дааман хаалга нь өмрөн унаж хятад банзаар нөхөгдөн хадагдсаар хуучны өнгө төрхөө алджээ. Харин нилээн дээр үед тарьсан ганц хар мод нь хэвээрээ байна. Энэ хашаанд 1990-ээд оны үед шинэ цагийн Равжаа ламтай танилцаж хамт Чогчин уншдаг байж билээ. Тэр залуу Бурханы номонд шальтай суралцаж чадаагүй ч тухайн цаг үедээ үнэн үгтэй, сайхан аялгуутай хэд хэдэн дуу зохиосон нь одоо ч амьд хэвээрээ байна. Равжаагийн “...Хэрвээ бурхан чамайг дуудахын бол, Хичнээн залуу байсан ч хамаагүй...” гэсэн үгтэй дууг сонсоогүй, дуулдаггүй 1990-ээд оныхон байхгүй байхаа. Багшийн Багш гээд үнэхээр аугаа лам байсан. Бурхантай хамгийн ойрхон байсан тэр хөгшний нирван дүрийг үзүүлсэн, болон түүнийг хайлуулсан хөгшчүүлийн яриа гээд багшийн хашаанд өрнөсөн үйл явдлууд миний хувьд “хорвоотой танилцсан” түүхийн нэгээхэн хэсэг байсан юм. “Будда, Аллах, Ертөнцийн эзээн, ингэхэд та нар тэнгэрт хэдүүлээ байдаг юм бэ?” гэдэг шиг бурхан бидэнд хол юм шиг мөртлөө хамгийн ойрхон байж чадах оюун ухаан юмуу даа. За за өглөө гүн ухаан бодох хэцүү шүү. Багштайгаа нэг уулзах юмсан. Даан ч би Царцаа намжил юм даа... Гандангийн дэнжийг уруудахаар. Бурхан – Буяны орныг тойроод буртаг хир, тоос шороотой “бузрын орон” үргэлжилнэ. Бузарын орныг адгуус, чөтгөр бус буян санасан хүмүүс л өөрсдөө бий болгожээ. Ногоон нуур, Дэнжийн 1000-ын үнс, муу ус, жорлон Гандангийн зүүн эргээр урсана. УБ-ын хамгийн том аялал жуулчлалын бүс байх ёстой энэ газрыг УБ хотын төв дэх Slumdog буюу гэр хороолол \Ядуусын хороолол гэх нь хаашаа юм\ болгожээ. 20-оод жилийн өмнө Занабазар гэгээнтэнгийн гудамж болгон Япончуудаар Сакура тариулж байснаа залхуураад уулнаас ургаа том моднууд сугалж авчираад суулгасан байна. Ургаасай билээ дээ... Гандангийн дэнжээс унаган нутаг Бага тойрог маань харагдана. Бага байхад эндээс бага тойрог яаасан жоохон юм гэмээр боловч цэгцтэй , цэмцгэр харагддаг байсан чинь одоо бас л шамбааралдсан амбаарууд шиг байшин энд тэнд босжээ. Миний муу нийслэл хот минь, чамайг ямар хүмүүс удирдаж байв даа хөөрхий минь... Сэтгэл хөдлөсөндөө би нэг зүйлийг хэлье. Бакула Ринбуучи хувилгааны Бүтэб хийдийг хоосон тал байхад нь би багадаа энд томоо сүм байна гэж 2 удаа зүүдэлж байсийм. Хувилгаан гээгүй шүү. Түүний ард мах, сүү, талх, сүүлдээ картны барааны очерт Чапаев шиг л дайрдаг ХИД-1 хэвээрээ байна. Ж. Батмөнх гуайг сэтгэлээр унаж нас баруулахад хүргэсэн талхны очерт үрэгдсэн “зорилго нэгт анд биш ч өрсөлдөгч тэр жаал хүү” ХИД-1 дээр нас барсан юм. Тэр өдөр би “тулалдаанд ороогүй” хичээлтэй байсан юм шүү ойлгоорой. ХИД-ээс өмнө зүгт “Янгир” ресторанд квас ууж, шар дэлгүүрээр орж луухайнуудаас ногоо авдаг байлаа. Лагерийн болон Захын автобусанд суухын төлөө урт, богинын зайн нийтийн гүйлтийг Бөмбөгөр хэмээх энэ 4 хөл бөмбөгийнх шиг том талбайд хийдэг байсан нь тэртээ 20 жилийн өмнө билээ. Энэ том талбай захаасаа хэмлэгдсээр ажлын газараа зааж өгдөг “шатсан бөмбөгөр”-ийн хоосон талбай газарын наймаачдын тохиролцоог хүлээн 2 жил онгойсон хоосон талбай болжээ. Нийгмийн хувьсгалууд энэ талбайн ойролцоох Эрх чөлөө, Сүх жанжины талбайд хийгдэж үр дүн, алдаа оноо нь энэ талбайд шууд мэдрэгдэж нэр нь хүртэл мартагдах шахаж байсан нь саяхан. Хуучнаар Яармаг худалдаа буюу Бөмбөгөрийн энэ орчим манай нийгмийн өөрчлөлт, мартагдагмал, мансуурал, эмзэглэл бүгдийг тээсэн хамгийн том “хашаалал” болжээ. Энэ талбайн урд манай ажил байна. Замд явсан бодлоо эргэцүүлсэн чинь эрх мэдэлгүй, мөнгөгүй хүний бодол байлаа. Аль аль нь байвал хийж чадах уу? Чаднаа чадий ш дээ... Ажилдаа орж ирээд энэ тэр ажлын хажуугаар нь үүнийг бичиж байтал үд болжээ. Өглөөний сайхан агаар, намуун зөөлөн цаг агаар шороон шуургаар солигдоод, Шар дэлгүүрийн урдуур хөлхөх “залуучууд” нялх хүүхэд шиг тэнтэр тунтар алхах нь үдийн болсны дохио байлаа. Тэдний тоо цөөрөхгүй ихсээд л байна. Өнөөдөр хичээлгүй, маргааш харин Flash Mob болно. Бурханы авралаар бүх юм бүтээсэй. Views: 3110
Only registered users can write comments. Please login or register. Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6 AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com All right reserved |