Шинэ мэдээ
  :: ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА   :: Солонгост тэтгэлэгээр суралцуулна   :: Хотын соёлыг түгээгч нь их сургууль   :: Цалин уу? Ажил чухал уу?   :: Update and Upgrade
Expose Scroller
HOBBY - sun gedeg OD    Urgiin Bichig - DSCN2228    MY CLUB 2009-2 - doorev    MY CLUB - P1190142    MY CLUB - Sainaagaa Olimpod ydej baigaa ni    MY CLUB - P1190142    MY CLUB - P1190142    HOBBY - tsahilgaanaa hemneye    HOBBY - Amstrongoo ta duguigaa martchihaj    HOBBY - tsunami-2   
Санал асуулга
Монголын түүхийн хичээлийн талаар...
 
Онлайн зочин
Манай сайтад 17 зочин онлайн байна
Статистик
Сайтын гишүүний тоо: 3024
Нийт сэдэвийн тоо: 102
Линкийн тоо: 50
Нийт зочлогчдийн тоо: 17159168
Цаг ба Хуанли

Шоко Асахарагийн “Аум шинрикёо”-гоос П.Даваанямын “Ч
Уншигчдийн үнэлгээ: / 5
МууСайн 
Бичсэн: serdaram   
2008/08/09

Эрчтэй хөгжиж байсан Японы эдийн засгийн хурд 1970-аад оноос саарч улмаар 1990 оны дунд үе хүртэл зогсонги байдалд орсон нь тухайн үед Зүүн өмнөд Азийн орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямралын гол шалтгаан байлаа. Энэ хямралаас хамгийн удаан гарсан нь аанай л япончууд. Ямар ч хүнд үед бусдад муугаа үзүүлэхийг хүсдэггүй, ямагт инээмсэглэж, ядарч, зүдэрч, бухимдаж байгаагаа нууж чаддаг, тайван хүлцэнгүй, дотроо бодолтой, дороо суурьтай япон хүн хүртэл нийгмийн амьдрал дэгэн догон болоод ирэхээр тэсвэр алдаж, элдэв үймээн самуун, дэгдэхээс гадна итгэл үнэмшлээ гээж эхэлсэн байдаг. Нэг хоёр сар болов уу, үгүй юү Засгийн газар нь солигдоод …, парламентын хурлын танхим доторх уур амьсгал нь өнөөгийн Монголынхтой адил, хэлэлцэж амжуулахаасаа илүү хэрүүл маргаан, зодоон давамгайлна.

Толгой эргэхэд хөл гуйвдаг хойно элдэв “идэвхтнүүд” нийгэмд олноор гарч ирэн гудамжны улс төр идэвхжиж эх адаггүй бужигнаж байсан нь ч бидний одоогийн төрх байдалтай төстэй байсан юм уу даа. Энэ үед Японы улс төр ялзарч, эрх баригчид нь хулгайч, луйварчин болж, ард түмэн зүдэрч зовох болсныг номлон, яаралтай засч залруулах үл аваас олон зуун жилийн түүхт Их Наран улс мөхөж сүйрэх аюулд дөтөллөө. Үүнийг залруулж, аврал илгээж чадах хүн бол би бөгөөд миний үзэл санаа. Эцэг дээдсийн хүсэл зарлиг, агуу бурхны таалал намайг ард түмэнд илгээлээ. Би бол Япон улсыг сүйрлээс аврах гэж ирсэн “Sacred emperor of Japan” буюу “Японы ариун дээд хаан” хэмээн өөрийгөө зарласан Шоко Асахара хэмээх нэгэн “сайн эр” гэнэт л гарч ирээд олныг алмайруулав. Жирийн л амьдралтай энэ нөхөр Түвдийн буддизм, Энэтхэгийн хиндизмийг хослуулсан өөрийн үзэл номлол гэгчийг гаргаж, “Японыг аврах шамбалын төлөвлөгөө” хэмээн нэрлээд үр хүүхдүүдээ өөрийгөө залгамжлах “хунтайж”-аар тодруулжээ. Мань нөхөр усанд орж, үс сахлаа хусахыг цээрлэдэг болж, гадаад дүр төрхийн хувьд бусдаас онцгой болсон шигээ өөрийн үзэл бодлоо Японы хүүхэд залууст, нэн ялангуяа, ид төлөвших насандаа яваа дунд сургуулийн ахлах анги, коллеж, их дээд сургуулиудын оюутнуудад хүчтэй номлохдоо бага залуудаа Энэтхэгт очиж сурч байсан ёогийн дасгал хослуулснаар өөрийгөө ер бусын хүн мэтээр итгүүлж чадсан нь гайхалтай. Түүнд итгэж дагалдах хүмүүсийн тоо асар богино хугацаанд нэмэгдэж хөдөлгөөний хэмжээнд хүрсэн учир Шоко Асахара, “Аум-Шинрикёо” хэмээх нэр бүхий албан ёсны байгууллага байгуулснаа зарлав. Аум буюу японоор “OUМ” гэж дуудагдах үг “Орчлон ертөнц”, “Шинрикёо” нь “үнэний сүсэг” гэсэн утгатай агаад “Орчлон ертөнцийн үнэн сүсэг” хэмээх хожим Япон орныг доргиосон байгууллагаа ийн 1984 онд Токио хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг Шибуяа дахь хөлсний ганц өрөө байрандаа үүсгэсэн юм.

Түүний байгууллага шиг хурдан өсч өндийн гишүүнчлэлийн хүрээгээ тэлсэн түүх нэгээхэн ч үгүй бөгөөд “Аум Шинрикёо”-гийн системийг мань Асахара тодорхой чиглэл хариуцсан хэд хэдэн бүлэглэл болгон зохион байгуулжээ. Нөлөөлөл нь нэмэгдэх хэрээр дотоод зохион байгуулалтаа өөрчилж, анагаах ухааны салбарын бүлэглэлийг Эрүүл мэндийн яам, эрдэм шинжилгээний бүлэглэлийг Шинжлэх ухааны яам,гардан тулааны урлагийг эзэмшиж дотоодын гишүүдээ хамгаалдаг бүлэглэлийг Тагнуулын яам болгох мэтээр өөрчилж яам бүрийд сайд томилон Шизүока аймгийн нутагт, япончуудын бахархал, бэлгэ тэмдэг болсон Фүжи уулын ойролцоох Камикюшикиг улмаар өөрсдийн бүс нутаг болгон зарлаад улс доторх “улсаа” байгуулж эхэлсэн нь нэг бодлын түүнийг гайхан ажиглах бусдын хувьд галзуу, солиотой гэж бодмоор үйл явц цааш өрнөх боллоо.

1990 он гэхэд “Аум Шинрикёо”-гийн гишүүнчлэл 9000-д хүрч (ихэвчлэн тэтгэврийн насныхан хийгээд их дээд болон ахлах сургуулийн оюутан, сурагчид, нийгмийн эмзэг давхаргынхнаас бүрдсэн) Шоко Асахараг “Их багш” хэмээн нэрийдэх болж, улсынхаа Ерөнхий сайд болон парламентын гишүүдэд “Япон улсын хөгжлийн аливаа асуудлыг заавал их багш-Асахарагаас асууж зөвлөж байж шийдэх ёстой” гэсэн шаардлага ч тавьж байлаа. Тэр ондоо Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Шоко Асахара 24 гишүүнийхээ хамт нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн боловч амжилт олсонгүй. Энэ сонгуулийн дараа “Аум Шинрикёо”-гийн үйл ажиллагаа Японы Үндсэн хууль, иргэний институцийн эсрэг илэрхий хандах болж, Шоко Асахара өөрөө телевизийн ток шоу нэвтрүүлэг бэлтгэн нийгмийг эмх замбараагүй, төрт ёсоо үл хүндэтгэх байдал руу өдөөх болсноос гадна улс төрийн “Үнэнийг шүүх нам” байгуулснаа зарласан билээ. “Аум Шинрикёо” –гийн Тагнуулын яамны сайд Киёохиде Хаяакава хэмээх нөхөр “Иргэний утопи үзлийн үндсэн зарчим” гэсэн ном хэвлүүлсэн нь тус байгууллагаас хүчирхийллийг нийтэд уриалсан тунхаг нь болжээ. Түүгээр зогсохгүй энэхүү Хаяакава ОХУ-д олонтаа зорчиж оросуудаас АК-47 буу болон байлдааны МИ-17 нисдэг тэрэг худалдан авч, цөмийн бөмбөгийн технологийн талаар хүртэл гэрээ хэлцлийг хийхээр хөөцөлдөж эхэлсэн нь атаархмаар шуурхай байлаа. 1992 онд Шоко Асахара сайд нараа хариуцсан Ерөнхий сайд хэмээх албанд Хаяакаваг томилон үл дагагсдыг гэсгээх зорилготой “Хүний аз жаргалын судалгааны институт” хэмээх хуулийн хүрээнээс давж хэтэрсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг бий болгосон юм. Тэд “Аум Шинрикёо”-г шүүмжлэгч улстөрч Ёшинори Кобаяшиг алах оролдлого хийсэн ч хуулиас мултарч чадлаа.

Үйл ажиллагаа нь улам даварч 1993 онд ОХУ-ын гэмт бүлэглэлүүдтэй хамтран орос эрдэмтдийн оролцоо, дэмжлэгээр “Сарин” , “VX” хэмээх хорт хий үйлдвэрлэх үйлдвэртэй болсноор барахгүй анхны бүтээгдэхүүнээ Австралид очиж хонин дээр туршсан нь “амжилттай” болж 29 хонь хоромхон зуурт “нүд аньсан” байна. “Аум Шинрикёо” ийнхүү амжилттай туршсан “Сарин” хийг 1994 онд Төв Японы Мацумото хотод нийтийн эсрэг хэрэглэлээ. Долоон хүн нас барж, 200 хүн хордсоныг тухайн үед цагдаагийнхан мөрдөхдөө “Оршин суугчдын буруутай үйл ажиллагаанаас болжээ” гэсэн алдаатай дүгнэлт гаргаснаар “Аум Шинрикёо”-г хэн ч сэжиглэсэнгүй. 1995 онд тус бүлгийн нөлөө бүхий гишүүдийн нэг Киёоши Карияа хэмээх 69 настай өвгөн буруу замаар будаа тээж буйгаа ухаарч тангаргаа зөрчиж оргосноор “Аум Шинрикёо”-г цагдаа тагнуулынхан сая л анхаарахад хүргэсэн юм. Учир нь Киёоши Карияаг хуучин нөхөд нь мөшгин хөөсөөр Токио дахь гэрээс нь хулгайлж Фүжи ууланд аваачин биологийн лабораторид гаргаж авсан вирусээр халдварлуулж алаад цогцсыг нь Кавагучи нууранд живүүлжээ. Гэхдээ түүнийг хулгайлахаасаа өмнө утсаар хэдэнтээ ярьж, гэмээ наманчилж буцаж ирэхийг ятган эс бөгөөс цээрлэл хүлээх болохыг анхааруулан сүрдүүлснийг Киёоши Карияа эгчдээ ярьж “Хэрэв нэгэн цагт би алга болвол “Аум Шинрикёо”-той холбоотой” гэсэн бичиг үлдээсэн байлаа.Киёоши Карияагийн үхлийн дараа л цагдаа тагнуулынхан Шоко Асахара болон түүний байгууллагыг мөшгиж эхэлсэн нь оройтсон хэдий ч ингэснээрээ “Аум Шинрикёо”-г мухар сүсэг, сэтгэлийн хөөрлөөр даган дарвиж байгаа олон залуус “тоглоом нь шоглоом” болж буйг ухаарч, нөхцөл байдлыг эргэцүүлэхэд хүрсэн авай.

1995 оны гуравдугаар сарын 20-ны өглөө Токиогийн метроны сүлжээ болох Ёкохамагийн шугамын таван галт тэргэнд “Аум Шинрикёо”-гийн гишүүд “Сарин” хий цацсанаар 12 хүн нас барж, 54 хүн эмчлэгдэшгүй өвчинд нэрвэгдэн, 980 хүн бэртэж гэмтэн нийтдээ 5000 хүн хордсон аймшигтай хэрэг гарав.

Тухайн үед нийгэм тэр чигээрээ нэн ялангуяа хүчний байгууллагынхан болон Засгийн газар, улстөрчид “Аум Шинрикёо”-г үл тоосон, бүр хайхрамжгүй гэмээр “хагас солиотой” энэ тэрээр нь нэрлэж, дооглонгуй ханддаг байснаа өөрчлөхөд хүрсэн юм. Энэ халдлагаас сарын дараа “Аум Шинрикёо”-гийн нөлөө бүхий 150 гишүүнийг баривчилж Шоко Асахараг орон даяар эрэн сурвалжилж эхлэв.

Энэхүү сахалт эрийг шүтэн биширч байсан мянга мянган хүн таран бутарлаа. Эцсийн эцэст Фүжи уулын хормой дорх Камикюшикийн төв байрыг нь илрүүлэн довтолсноор энэ байгууллагын үнэн төрх нийтэд анх удаа дэлгэгдсэн юм. Тэд багахан шиг хот байгуулсан байсан төдийгүй цагдаа, цэргийнхэн төв байрнаас нь ОХУ-д үйлдвэрлэсэн МИ-17 нисдэг тэрэг, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, биологийн зэвсгийн нэгдлүүд, АК-47 буу 1000 гаруйг илрүүлсэн бөгөөд Шоко Асахара “EBOLA”, “ANTHRAX” гэх мэт олон улсын хэмжээнд онц аюултайд бүртгэгдсэн вирус өсгөдөг биологийн лаборатори хүртэл байгуулсан байжээ.

Дашрамд өгүүлэхэд “EBOLA” вирус 1994 онд Зайр улсад тархаж олон зуун мянган хүний амь насыг авч одсон юм. “Аум Шинрикёо”-гийн төв байрны агуулахаас дөрвөн сая хүнийг хөнөөхөд хүрэлцэхүйц химийн хорт хий бүхий торх олдсон нь япончуудыг айдаст автуулж, нэхэн бодох бүрий шар үс нь босдог тухайгаа япон хүн бүр ярьдаг. “Аум Шинрикёо”-гийн удирдагч Шоко Асахараг 1995 оны тавдугаар сарын 5-нд Камикюшики цогцолбор дахь “Зургадугаар Сатан” нэртэй барилгад нуугдсан байхад нь илрүүлж баривчилсан билээ.

Ийнхүү япончуудын “оюун санааны эцэг”, ”ер бусын зөнч”, “онцгой хүн”, “улс орныг авран мандуулагч” хэмээгдсэн дуулиант нөхрийн хийрхэл эцэслэгдсэн хэдий ч олон зуун гишүүн, дэмжигчид нь гадаад руу дүрвэж Филиппин, Малайз, Тайланд, Индонезийн алан хядах байгууллагын гишүүн болцгоож ой шугуйд амьдарсаар буй талаар мэдээ ирсээр. 2000 оны долдугаар сард ОХУ-ын Аюулаас хамгаалах хорооны экс ажилтан, “Аум Шинрикёо” бүлгийн гишүүн Дмитри Сигачёв өөр дөрвөн хамтрагчийнхаа хамт баривчлагдав. “Аум Шинрикёо” хийгээд Шоко Асахараг шүүх хурал 18 жил үргэлжилж 2006 онд “Sacred Enperor of Japan” буюу “Японы ариун дээд хаан” цаазлуулсан билээ. Нийгэмд үүссэн хямралт байдлыг далимдуулж бухимдсан олныг ашиглан улс орноо аврах, мандуулах нэрээр алан хядах үйл ажиллагаанд шилжсэн “Аум Шинрикёо” хэмээх хэт харгис байгууллагын түүх япончуудад хэзээ ч мартагдашгүй сургамж үлдээсэн юм.

Хоёр: П.Даваанÿм хийгээд ”Чингисийн монгол төр”
Японд “Аум Шинрикёо” үүсч бий болсон нөхцөл байдалтай төстэй, төстэйгээр барахгүй бүр төвөгтэй үйл явц Монголд ужигран нийгэм, эдийн засаг хямарсан хэвээр.
Энэ хэдэн жилд Монгол Улсад юу нэмэгдсэн бэ гэвэл ард түмний бухимдал. Хэт хуримтлагдсан бухимдал нэгэн цагт тэсэрч төсөөлж ч байгаагүй аюул дагуулахыг үгүйсгэж боломгүй. Долдугаар сарын 1-ний үйл явдал үүний нотолгоо болсон.

Шоко Асахара шиг нөхдүүд ч Монголд гараад ирэхийг байг гэх газар алга. Нийгэм хямрах тусам этгээд сонин санаа сэдэгчид хангалттай гарч ирдэг бололтой. Учраа олохоо байсан, амьдрах арга мухардсан, бухимдсан, ажилгүйдэл, ядууралд автсан олон содон санагдсан юуг ч, хэнийг ч дагахад бэлэн байдаг аж. Энэ бүхнийг үл нуршин “Чингисийн монгол төр” хэмээх төрийн бус байгууллагын тухай өгүүлэхийн өмнө “Аум Шинрикёо”-г сануулсан нь учиртай.

П.Давааням гэдэг хүний санаачилсан энэ байгууллага өөрсдийнх нь нотолж буйгаар нэг сая гаруй гишүүн дэмжигчидтэй нь үнэн бол аль ч нам, хөдөлгөөн атаархам биш үү. Сүүлийн үеийн нам, хөдөлгөөнүүд байг гэхэд 87 жилийн түүхийг туулсан МАХН яаж ч чардайгаад ийм тооны гишүүнчлэлийг зөвхөн мөрөөдөж л чадах байх. Ер нь ч боломжгүй биз дээ.

Хэрэв андуураагүй бол 1990 оны эхээр, за бараг 1991 онд болов уу, “Дархан хилийн төлөө хөдөлгөөн” нэртэй байгууллага байгуулж буйгаа бусдад үл анзаарагдам туранхай, жижигхэн биетэй, шөвгөр цагаан залуу зарлаж байсан юм. Тэр бол Говь-Алтайн 0214 дүгээр ангид сумангийн улс төрийн орлогчоор ажиллаж байсан П.Давааням байлаа. Хилийн цэргээс тэтгэвэрт гарснаасаа (өөрийн хүслээр халагдсан ч байж магадгүй) хойш ийнхүү олон нийтийг хамарсан хөдөлгөөн байгуулахаар тэрбээр шийдсэн болов уу.

Удалгүй Монгол төрийн тухай, Чингисийн төрийн зохион байгуулалт, хууль цаазын тухай бас ч сонирхолтой хэд хэдэн ном бүтээл гаргасан. Төд удалгүй “Чингисийн академи” хэмээх байгууллага байгуулж дуучин, загвар өмсөгч, эрдэмтэн, эмч, багш, улстөрч гээд (үлдээгүй мэргэжил бараг үгүй байх аа) бүхий л салбарын хүмүүст Чингис хааны академийнхаа шагнал олгож, гишүүнээр бүртгэж эхэлсэн юмдаг. Хожим гадаадын улс орнуудын тэргүүнүүдэд ч энэ цол хэргэмээ олгох болсныг сонсох боллоо. П.Даваанямын гэх үзэл номлол үүнтэй зэрэгцэн бий болж нэг л мэдэхэд эзэн Чингисийн 30 дахь ч билүү удмын хүн хэмээн зарлагдан “Монголыг үгүйрэл сүйрлээс аврах” тухайгаа тунхаглаж эхэлсэн байх юм.

Үнэн эсэхийг мэдэхгүй ч түүнийг тойрон хүрээлэх хүмүүсийн тоо багагүй, гэхдээ хурдтай нэмэгдсэн нь үнэн. Улмаар “Чингисийн монгол төр” хэмээх илүү зохион байгуулалттай хэлбэрт шилжсэн цагаасаа хойш гишүүд, дэмжигчдийнхээ дунд бурханчлагдан шүтэгдэж түүнийг бүгд л (гэхдээ өөрийнх нь байгууллагынхан) “АХ” , “ИХ БАГШ”, “Агуу зөнч”, ”Ер бусын хүн”, “Оюун санааны эцэг” хэмээн нэрлэх болсон билээ. Яг л Шоко Асахара шиг байгаа биз.

Харин хачирхалтай үйл явдал ойрын өдрүүдэд өрнөж байгаа нь үүнийг бичих шалтгаан болсон юм. Арваад хоногийн өмнө “Чингисийн монгол төр” нийгэмлэгийнхэн 76 гишүүнтэй Улсын их хурал байгуулснаа зарлалаа. Бүр Үндсэн хууль барьж байгаад гишүүд нь тангаргаа өргөсөн гэнэ. Эдгээр 76 гишүүнийг нэг сая 600 мянган хүн сонгосон гэлээ. Хэзээ, хэдийдээ явуулсан сонгууль юм бол.
УИХ-ын даргаараа “Их ах” , “Их багш” П.Даваанямынхаа төрсөн ах П.Даваадоржийг сонгож, Ёс зүй, Эдийн засаг, Улс төрийн гэсэн гурван байнгын хороог байгуулж, Ёс зүйн байнгын хорооны даргаар П.Даваанямын дүү П.Отгонбаяр нь томилогдсон гэж байгаа.

Улмаар дөрвөн яамтай Засгийн газраа байгуулж Ерөнхий сайд , сайд нараа томилцгоолоо. Нэг бодлын балчир хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг л юм болж байна. “Хэн ч бидний талаар үг дуугараагүй, тайлбар хийхгүй байгаа учир хүлээн зөвшөөрч байгаагийн шинж “гэж Улс төрийн байнгын хорооны дарга гэх Төмөрбаатар нь мэдэгдэхдээ “Европт К.Маркс коммунизмын үндсийг тавьж байхад хэн ч дуугараагүй юм. Ингэснээрээ коммунизмыг хүлээн зөвшөөрч дэлхий дахинаа эмгэнэлт түүх эхэлсэн” гэж тодотгосныг олон хүн сонссон байх.Магадгүй түүний мэдэгдсэн шиг үнэхээр нийгэм “Чингисийн монгол төр”-ийн талаар юу ч дуугарахгүй байснаар эмгэнэлт түүх эхэлж байгаа ч юм бил үү.

Энд би П.Даваанямын байгууллагыг “Аум Шинрикёо”- шиг алан хядагч байгууллага болно гэж хэлэх гэсэнгүй. Харин зарим үйл ажиллагаа нь “Аум Шинрикёо” анх үүсэн байгуулагдаж, зохион байгуулалтад орж байсан процесстой тун төстэй байгаа юм. Нэн ялангуяа хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчидтэй тус нийгэмлэгийнхний хандаж буй хандлага, нөгөө Төмөрбаатарын мэдэгдсэн “Бидний талаар сөрөг, буруу зөрүү бичсэн болгоныг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзнэ. Тэгээд цаазаар авахад ч буруудах зүйлгүй” гэсэн нь заналхийлэл болж сонсогдлоо. Хэвлэлийн хурал дээр өөрт нь хандаж байгууллагынх нь талаар асуулт тавьсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийг заналхийлж, танхимаас чирч гаргаад хөөж байгаа нь таатай санагдсангүй.

“Бид одоо тууштай тэмцэнэ. Үүнийхээ төлөө үхсэн ч хамаагүй. Өнөөдрөөс эхлээд Монгол Улсыг гадаад, дотоодод зөвхөн “Чингисийн монгол төр” төлөөлнө. Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхий зөвлөхөөрөө бидний их багш П.Даваанямыг ажиллуулах ёстой. Энэ бүхнийг Ерөнхийлөгчөөс гуйж байгаа юм биш шаардаж байна” хэмээн хэлж буй үгс ч тухайн үед Шоко Асахараг бүлгийн гишүүд нь хэрхэн өргөмжилж, тухайн үедээ Японы парламент, Ерөнхий сайдад тавьж байсан шаардлагынх нь шууд орчуулга шиг санагдсаныг яалтай. Миний мэдэхийн П.Давааням гуай сийрэгхэн, басхүү овжин, муу ч үгүй боловсролтой, хамгийн гол нь маш ихийг уншсан хүн шиг санагддаг. Болгоомжлохын учир хөөрсөн олон аюултай бөгөөд энэ нь нийгэмд аюул учруулж эцэст нь гунигтай сургамж, хожимдсон ухаарал үлдээдгийг тэрбээр маш сайн мэдэрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Аливаа юм савнаасаа хэтэрч байгаагийн шинж ил тод заналхийлэл, сүрдүүлэг, эрээ цээргүй байдлаас нь анзаарагддаг. Энэ бүхнийг хаана хаанаа үл хэрэгсвээс “Аум Шинрикёо”-гийнх шиг бүлэглэл үүсч гарахыг хэн үгүйсгэж чадах юм. “Чингисийн монгол төр” шиг энэ олон төрийн бус байгууллагууд дор бүрийдээ УИХ, Засгийн газар, яамдаа байгуулаад Монгол Улсыг бид л залж жолоодох учиртай гээд зүтгэвэл юу болох бол оо. Гэхдээ П.Давааням Шоко Асахара биш, “Чингисийн монгол төр” ч “Аум Шинрикёо” биш нь аз юм даа. Монголд лав ийм аймшиг бүү болог.

Ш.Даваадорж   \MGL news    www.gogo.mn \


Views: 8034

Comments (2)
RSS comments
1. 30-10-2009 10:33
 
Сект гэдэг бол шашны нэрийг барьж санхүүгийн ашиг олох, эсвэл нийгмийн сэтгэхүйг булингартуулах зорилготой байгуулга юм. Орос хэлэнд сект гэдэг үг нь сөрөг утга санаа агуулдаг. Секттэй холбоотой эрүүгийн гэмт хэрэг дэлхийн олон оронд гарч байлаа. Зөвхөн ОХУ-д шашны секттэй холбоотой ямар гэмт хэрэг гарч байсныг сөхөж үзье. Оросын хууль сахиулах байгуулагууд 1999, 2004, 2008 онд гурван ч удаа "Ашрам Шамбала" гэдэг шашны сектийн тэргүүн Руднев гэгчийг эрүүгийн хариуцлагад татах гэж оролдсон юм. Тэр Новосибирск хотод 1989 онд шашны байгуулага нээжээ. Хожим бусад хотуудад салбараа нээсэн байна. Константин Руднев шашны байгуулагаа Оккуль шинжлэх ухааны академи, Оросын тантрикийн сургууль, Гейшийн сургууль гэж нэрлэж байлаа. Энэ шашны байгуулагад элссэн хүмүүс янз бүрийн хандивийг өргөдөг байна. Олонх нь орон байр машин унаагаа зарж үрж, шашны байгуулагад мөнгөө тушаажээ. Тэд хамаатан садан, гэр бүлээсээ ч дайжиж тэнэмэл амьдралыг сонгож байлаа. Шашны бүлэглэлийнхэн гар утас ч хэрэглэдэггүй. Сектийн гишүүд замбараагүй бэлгийн харьцаанд орохыг ч сурталчилж байлаа. Энэ шашны байгуулагийн гишүүд нь Рудневийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байлаа. Гишүүд нь шашны байгуулагад сайн дураараа ирсэн гэж тайлбарлаж байв. 
 
1999 оны 11 сард “50 дахь” гэдэг шашны байгуулагийн гишүүн Якутын Алдана хотын 5 оршин суугч 10 настай хүүхдийг зодож амийг нь егүүтгэсэн байна. шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хүү зодуулж гүн цочролд орсоноос болж амьсгал хураасан гэжээ. “50 дахь” шашны сектийн тэргүүн Виталий Козырь чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ял эдлэх болжээ. Сектийн өөр 4 гишүүн 5 жилийн ял сонсжээ. 
 
2002 оны 1 сарын 23-нд Приморийн хязгаарын шүүх "Аум Синрике" сектийн гишүүн ОХУ-ын 3 иргэнд ял оноосон байна. Тэд Япон улсад алан хядах ажиллагаа хийхээр бэлтгэж байсан нь нотлогдсон юм. Тэд Японы Токио, Осака, Амори хотод дэлбэрэлт үйлдэж шоронд хоригдож байгаа "Аум Синрике" сектийн толгойлогч Секо Асахараг шоронгоос сулла гэж шаардах гэж байсан юм. Алан хядах ажиллагаандаа бэлтгэж байхдаа Холбооны Аюулгүй Байдлыг хангах газрын ажилтны анхааралд өртөж, улмаар хэрэгт татагдсан юм. Тэд тэсрэх бодис, зэвсэг хадгалж байжээ. 2008 оны 7 сарын 7-нд Москвагийн Таганский шүүх сект байгуулсан Григорий Грабовийг 11 жилийн ялаар шийтгэсэн байна. Прокурорын газрын мэдээллээр тэр 2001 онд "Григорий Грабовын сургааль" гэдэг сект байгуулжээ. Тэр асар богино хугацаанд оросын 57 бүс нутагт салбараа нээж амжсан байна. Нэг удаа 500 хүн хамруулдаг семинарын тасалбарын үнэ нь 2000 рубль байжээ. Шүүх байгуулага Григорий Грабовыг залилан хийсэн гэж буруутгаж баривчилсан байна. 2008 оны 10 сарын 15-нд түүнд 8 жилийн ял оноожээ. 
 
2008 оны 8 сарын 8-нд Пензөа мужийн шүүх сект үүсгэн байгуулсан Петр Кузнецовт ял оноожээ. Ертөнцийн төгсгөл ирнэ гэж мунхруулан 35 хүнийг газар доорх зооринд оруулжээ. Тэдний зарим нь нас барсан байна. Хууль хяналтын байгуулагийнхан тэднийг зоориноос гарахыг уриалсан ч татгалзсан хариу сонсжээ. Хэрвээ хүч хэрэглэн зоориноос гаргавал өөрсдийгөө шатаана гэж мэдэгдэж байлаа. “Уулын Иерусалим” сектийг байгуулсан Петр Кузнецов нь сэтгэл мэдрэлийн өвчтэй байжээ.
Registered
 
serdaram
2. 06-11-2009 08:32
 
mongol
Eh oron ni Aum-shinkireo shig baiguullagatai bolchih wii gej ih l sanaa zowson yum shig bna. Amjilt hvsiy!!! Gehdee aliwaa yarij bichij baigaa zvild hariutslaga gej neg zvil baidagiig sanahad ilvvdehgvi bolwuu daa.Neeree l tegj ter setgvvlchiig tegj chirj gargasan ni vnen yum bol tsagdaa shvvhdee handaj barimtaa delgej mongol ulsiin irgeniihee vvrgiig gvitsetgewel boloh baisan yum bishvv. Er ni tegeed todorhoi barimtgvigeer hen negen busarmag etgeedtei adiltgan ingej bichih ni shuud hvnii ner tord haldaad baigaa yum bishvv. Za tegeed vnen hudaliig tvvh haruulna bizee!!!
Registered
 
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан байна, Та үүнийг тохируулан үзэхийн тулд Жаваскриптд боломж олгох хэрэгтэй.

Only registered users can write comments.
Please login or register.

Powered by AkoComment Tweaked Special Edition v.1.4.6
AkoComment © Copyright 2004 by Arthur Konze - www.mamboportal.com
All right reserved

шинэч. ( 2008/08/09 )
 
< Өмнөх   Дараах >